Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын чанар, хүртээмж, хамрагдалтыг сайжруулах, суралцахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, багш, эцэг эх, сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих” хоёр сарын аян нээлтээ хийлээ. Аяныг 2026 оны аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд аймгийн 23 сум, нэг тосгоны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежийг хамруулан хэрэгжүүлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дэмжлэгийн багийн гишүүд танхим болон цахимаар оролцов. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа аяны зорилго, хэрэгжүүлэх чиглэлийг, Боловсролын газрын дарга О.Бадраа үйл ажиллагааны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнг танилцуулав. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ боловсролын чанар, хүртээмжийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг багш – Нэг өөрчлөлт” сайн туршлагын хүрээнд Сод Эрдэм, Ирээдүй, Авьяас, Титэм болон Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйг дэмжих арга зүй, туршлагаа танилцуулав. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохируулгат сургалтын хэрэглэгдэхүүн болон боловсрол эзэмшихэд тулгардаг асуудлын талаар мэдээлэл хүргэлээ. Аяны хүрээнд хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн сургалтын дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багш, ажилтнуудын арга зүйн чадавхыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
