Монгол, Оросын найрамдлын өдрүүдийн 66 жилийн ойн хүрээнд “Орос хэл, соёлын бүсийн баяр–2026” арга хэмжээ 10 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Русский Дом, “Монгол-Орос” Найрамдлын нийгэмлэг, ОХУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөл болон Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн багш, сурагчид оролцож байна. Арга хэмжээний хүрээнд орос хэл, соёлын мэдлэг сорих уралдаан, оюуны олимпиад, багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар зохион байгуулагдаж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон их, дээд сургуулиудад суралцах боломжийг танилцуулж байна. Арга хэмжээний нээлтэд Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Галсандорж, Боловсролын газрын дарга О.Бадраа нар оролцож, Монгол, Оросын уламжлалт найрамдал, хөршийн найрсаг харилцаа, боловсрол, соёлын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон, оролцогчдод амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн багш, сурагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хүүхэд залууст олон улсын боловсролын боломжийг таниулахад чиглэж байна.
