Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Курт, орлогч Өзгүр Юсуф Йылдырым нар Тариалан суманд ажиллаж, хүүхдийн цэцэрлэгийн барилгын нөхцөл байдалтай танилцлаа. Тариалан сумын хүүхдийн цэцэрлэг нь 290 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар гурван байранд 320 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Тус цэцэрлэгийн А байр нь 1987 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд одоогоор гурван бүлгийн 72 хүүхэд суралцаж байна. Барилгын хана, шал, сантехникийн тоноглол элэгдэж, эвдэрсэн нь хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөлд хүндрэл учруулж байгаа юм. Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүүхдийн сурч, хөгжих аюулгүй орчныг бүрдүүлэхэд уг засварын ажил чухал ач холбогдолтойг онцолж, ТИКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ уламжиллаа. ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Курт уг асуудлыг удирдах зөвлөлдөө танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв
