
1. ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ.
Цахим тоглоомын газруудын үйл ажиллагаа, цагийн хуваарь, хүүхдийг шөнийн цагаар тоглуулж буй эсэх, стандартын хэрэгжилтэд хамтарсан хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага тооцно.
2. СУРГУУЛЬ ОРЧМЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Сургууль орчмын хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхлэгчдэд нэгдсэн хяналт шалгалтыг дахин зохион байгуулж, өмнөх акт, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэн, илэрсэн зөрчлийг арилгуулна. Цаашид улирал тутам тогтмол хяналт тавьж, үр дүн, тулгамдсан асуудлыг Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шаардлагатай шийдвэр гаргуулна.
3. СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛЫГ ЗӨВХӨН ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Хичээлийн жилийн хугацаанд сургалтын бус цагаар сургуулийн спорт заалыг хүүхэд, сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулж, секц, дугуйлан, тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Нийтийг хамарсан төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад тохиолдолд спорт заалыг иргэн, байгууллага, төгсөгчдөд түрээслүүлэхыг хориглоно.
Спортын өөр байгууламжгүй сумдад спорт заалны ашиглалтыг сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөр хэлэлцүүлж, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавин шийдвэрлэнэ.
4. СУРАГЧДААС МӨНГӨН БОЛОН ЭД МАТЕРИАЛЫН ХАНДИВ, ХУРААМЖ АВАХЫГ ХОРИГЛОНО
Ерөнхий боловсролын сургуулиуд урлагийн үзлэг, тэмцээн, уралдаан болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаатай холбогдуулан сурагчдаас мөнгөн болон эд материалын хандив, дэмжлэг, хураамж авахыг бүрэн хориглоно.
5. ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРАЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, СУНГАА, ҮСЭРГЭЭНД ХҮҮХЭД ОРОЛЦУУЛАХГҮЙ.
Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхэд оролцуулахгүй байх шийдвэрийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан хариуцлага тооцно.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ӨСӨЖ ХӨГЖИХ НӨХЦӨЛИЙГ ХАМТДАА БҮРДҮҮЛЬЕ!



