Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нарыг хамруулсан “Цэргийн бэлтгэл” сургалт өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд эхэллээ. Сургалтаар Дайчилгааны тухай, Цэргийн албаны тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах, батлан хамгаалах бодлого, тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгож байна. Энэ хүрээнд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, тогтолцоо, орон нутгийн хамгаалалт, цэргийн дайчилгаа, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалт зэрэг сэдвээр мэдээлэл өгнө. Мөн оролцогчид буудлагын аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, буудлагын анхны дасгал гүйцэтгэх юм. “Цэргийн бэлтгэл” сургалтыг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын дунд 2011 оноос хойш хоёр жил тутам бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа багийн Засаг дарга нар мөн оролцож буйгаараа онцлогтой. Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Батлан хамгаалах яамны төлөөлөл, аймаг, орон нутгийн удирдлага, алба хаагчид, сумдын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар оролцлоо.
