Монгол орны хойморт орших, төрийн тахилгат ариун дагшин Хөвсгөл далайн мөсөн мандал дээр “ХӨХ СУВД-2026” олон улсын мөсний наадам 25 удаагаа ёслол төгөлдөр зохион байгуулагдаж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх нээж үг хэллээ. Үгэндээ: ирэх жилүүдэд Хөвсгөл далайн экосистемийг хамгаалсан, байгальд ээлтэй, хариуцлагатай өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогын түвшинд онцгойлон анхаархаа илэрхийллээ. Тэрбээр энэхүү мөсний баярыг үр өгөөжтэй, тогтвортой байдлаар зохион байгуулж, бүс нутгийн хөгжил болон байгаль хамгааллын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж байв. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат болон гадаадын зочид төлөөлөгчид оролцож, наадмын үйл ажиллагаатай танилцан, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жилийн наадмын хүрээнд мөсөн урлалууд, үндэсний урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж, оролцогчид болон жуулчдад өвлийн аяллын өвөрмөц, сэтгэлд хоногших дурсамжийг бэлэглэж байна. “ХӨХ СУВД” олон улсын мөсний наадам нь Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын томоохон брэнд арга хэмжээ бөгөөд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсын өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

