loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🌲🌳 2,2 САЯ МОД ТАРЬЖЭЭ 🌿☘️ | HuduuMN

🌲🌳 2,2 САЯ МОД ТАРЬЖЭЭ 🌿☘️

2026-04-30

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт хийгдэж буй ажлын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 19 сумыг хамруулан 20 сая модыг тарих техникийн эдийн засгийн үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар боловсруулаад байна. 

Тус хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт 2022-2025 оны хугацаанд 2,282,788 модыг тарьсан бөгөөд ургалт 75-аас дээш хувьтай байгаа юм. 

Төв суурин газрын ногоон байгууламж дөрвөн жилийн өмнө 80 гаруй га талбай байсан бол 2025 оны байдлаар 220.8 га талбайд хүрчээ. 

Аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэхэд 224 мянган тарьц суулгацын нөөцтэй байсан бол өдгөө 22 мод үржүүлгийн газарт 7,2 сая тарьц суулгацын нөөцтэй болсон. Үүнээс 1,2 сая суулгацыг хаврын мод тарих өдрүүдээр нийлүүлэх боломжтой. 

2026 онд аймгийн хэмжээнд 277490 мод тарихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс Арвайхээр суманд 68000 мод тариалах юм. 

Цаашид “Онги гол”-ын дагуу татмын ойжуулалт, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн ойг нөхөн сэргээх, заган ойн байгалийн сэргэн ургалт, ойжуулалт, ойн зурвас байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. 

Зөвлөлийн хурлаас тарьсан модны усалгаа, арчлалт, хамгаалалтын асуудлыг цогцоор нь шийдэх, мод ургаж гүйцэх буюу 5-6 жилийн даацтай, чанартай материал бүхий хашааг сонгон хашаажуулахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагад үүрэг болголоо.