Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар “Өвөрхангай аймгийн авто тээврийн салбарын бодлогын баримт бичгийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Авто тээврийн салбарт баримтлах бодлоготой болсноор орон нутаг дахь авто тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, орон нутгийн онцлог, нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан олон улс, бүсийн аймгуудын жишигт нийцсэн тээврийн нэгдсэн сүлжээ бий болгох, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хэрэгцээг хангасан, эдийн засгийн үр ашигтай, хил залгаа аймгуудтай харилцан уялдаатай өрсөлдөх чадвар бүхий авто тээврийг хөгжүүлэх юм.
Аймгийн хэмжээнд нийт 34420 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд энэ нь 21 аймгийн нийт тээврийн хэрэгслийн 6.1 хувийг эзэлж байна.
Арвайхээр суманд нийтийн зорчигч тээврийн 5 автобус, такси үйлчилгээнд 73 суудлын авто машин үйлчилгээ үзүүлдэг. Хот хоорондын тээврийн 4 чиглэлд 33 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Аймгийн авто тээврийн салбарт тулгамдаж буй асуудал нь:
Хот хоорондын зорчигч тээврийн зорчигчид 2022 оноос 2024 он гэхэд 7,6 хувь буурсан,
Авто вокзал нь MNS6300:2011 “Авто үйлчилгээ зорчигч тээврийн автобуудал” стандартын шаардлага хангаагүй,
Аймаг нутаг дэвсгэрт стандарт шаардлага хангасан замын дагуух байгууламж баригдаагүй,
Ачаа тээврийн логистик төв байхгүй,
Ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөний болон засвар үйлчилгээний нэгдсэн хяналт, бүртгэл бүрэн хэрэгжээгүй,
Боловсон хүчний хангамж, хүрэлцээ, бодлого алдагдсан зэрэг асуудлууд байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх, аймгийн авто тээврийн салбарыг стандарт шаардлагын дагуу хөгжүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс аймагт хэрэгжүүлэх авто тээврийн салбарын бодлогыг хүн амын нягтрал, сум хоорондын зай, байгаль цаг уурын нөлөөлөл, орчны тогтоц, ашигт малтмалын орд дагасан үйлдвэрлэл, аялал жуулчлал, ХАА салбарын хөгжил зэргийг харгалзан үзэж 9 бүлэг, 75 зүйл бүхий баримт бичгийг боловсруулжээ.
Энэхүү бодлогын төслийг Монгол улсын зөвлөх инженер, мэргэшсэн шинжээч, Техникийн ухааны магистр Д.Батбаатар боловсруулж, танилцуулсан юм.
Зөвлөлийн хурлаар дээрх бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан зарим нэг асуудлыг тодруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан, хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүргийг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд өглөө.