Өнөөдөр аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал болж, дараах асуудлуудыг хэлэлцэн, зарим нэг шийдвэрийг гаргалаа.
Хурлаар:
91 хувийн өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн Арвайхээр сумын 5 дугаар багийн 239 дүгээр буюу 52 айлын нийтийн орон сууцыг чөлөөлөх, аюулын эрсдэлийг бууруулж, хашаалах, тус байрны цаашдын асуудлыг шийдэж ажиллах ажлын хэсгийг байгуулах тухай,
“Онги Ус суваг” ТБОНӨОГ-ын хүйтний улиралд дулаан хангамжийн талаар ажилласан ажлын тайлан, түүний хүрээнд зарцуулагдсан төсвийг шийдвэрлэх талаар,
Аймгийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Гамшгаас гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дүгээр захирамж танилцуулах,
Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын шийдвэр:
52 айлын орон сууцны оршин суугчид ойрын хугацаанд буюу 14 хоногийн дотор нүүж, байраа чөлөөлөх, тус байрны аюулгүй байдлыг хангаж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч М.Батзоригоор ахлуулан байгуулах, тус байрын аюулын зэргийг бууруулж, хашаажуулах зардлыг аймгийн Онцгой комисс, Арвайхээр сумын Онцгой комиссын төсвөөс тус тус зарцуулах,
Хүйтний улиралд дулаан хангамжийн доголдлыг арилгах чиглэлээр ажилласан үйл ажиллагаанд зарцуулагдсан төсвийг аймгийн Онцгой комиссын төсвөөс шийдвэрлэх,
Арвайхээр сумын малчдад аймгийн нөөцөөс хямдралтай үнээр өвс хуваарилах зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэлээ.