Аймгийн Засаг дарга болон Аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн удирдлагууд өнөөдөр сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав.
Хурлаар аймгийнх ургац хураалтын явц, малын өвс, тэжээлийн нөөц, төлөвлөлт, малын шилжих хөдөлгөөн, отор нүүдэл, малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй байдал, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан прогноз зэрэг мэдээллүүдийг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хүнсний ногооны ургац хураалт 42,5 байна.
Аймгийн хэмжээнд 6.4 сая гаруй толгой мал зусаж, намаржиж байна. Дотоодын махны хэрэгцээг хангах, гадаад зах зээлд мал худалдаалагдсанаар 4.7 сая толгой мал өвөлжих тооцоолол гарсан. Өнөөдрийн байдлаар малчдаас 381.4 мянган толгой мал зах зээлд борлуулагдсан байна.
Өвөлжилтийн бэлэн байдлын хүрээнд малын өвс тэжээлийг бэлтгэх ажил өрнөж байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд өвс 600 тонн бэлтгэхээс 406,8 тонн нөөцтэй, хүчит тэжээл 80 тонн бэлтгэхээс 20 тонн нөөцтэй байна.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс сум орон нутагтаа хямд өртөгтэй өвс, тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлж, малчдыг шаардлагатай өвс, тэжээлээр хангахад санаачилгатай ажиллахыг сумдын удирдлагуудад чиглэл болголоо.
Мөн өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан бэлчээрийн даац, малынхаа тарга хүчийг харгалзан малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай тохиолдолд малаа борлуулах нь эрсдэлийг бууруулахад чухал болохыг малчдад ойлгуулж ажиллахыг онцоллоо. Аймгийн хэмжээнд мал нядалгааны 5 цэг, 6 цех, 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд малчид малаа орон нутагтаа зах зээлийн боломжит өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой байгаа юм.
Түүнчлэн малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан малчдын гар дээр байгаа гарал үүсэл, эх үүсвэр нь тодорхойгүй вакцинд хяналт шалгалтыг сайтар хийж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллага, сумдын удирдлагуудад даалгалаа.