Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өнөөдөр ажиллаж байна. Түүнийг төв талбайд хүндэт харуулын хамтаар хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэдийн төлөөлөл угтан авлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арвайхээр суманд хийж буй ажлаа аймгийн төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар эхлүүлээ.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чингис хааны эш хөрөг"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 159 дүгээр зарлигийн дагуу аймгийн Засаг даргад гардуулав.
Уулзалтаар Монгол Улсын гадаад, дотоод бодлого, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.