loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ДАХИН ТӨРЛӨӨ | HuduuMN

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” ДАХИН ТӨРЛӨӨ

2026-10-21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 180 дугаар зарлигаар Өвөрхангай аймагт таван гавьяат мэндэллээ.

Түүний нэг болох их эмч Ж.Баярсайхан “Хүний Гавьяат эмч” болж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авав. 

Төгрөг сумын уугуул, Арвайхээр сумын харьяат их эмч Жоошийн Баярсайхан нь 1991 оноос тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2005 он хүртэл, Гистологи-цитологич эмчээр хослон, 2005 оноос Эх барих эмэгтэйчүүдийн аймгийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмчээр ажиллаж байгаа бөгөөд олны дунд  “уран гартай” эмч хэмээн алдаршсан байна. 

Тэрээр  2016-2021 онд 1060 эхийн төрөлт удирдаж, 545 хүнд кесаров, 494 эмэгтэйд эмэгтэйчүүдийн мэс заслын хагалгааг, үүнээс 81 хагалгааг хөдөө сумдын эмнэлэг, айлын гэрт хийжээ.

Ж.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гистологи-цитологийн шинжилгээг анх нэвтрүүлж, онош зөв тогтоох, цаг хугацааг хэмнэж өвчтөнд тохиолдох чирэгдэл бэрхшээлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэн, 1153 цитологи-гистологийн шинжилгээг орон нутагт хийж, 2524  гаруй хүний оношийг тодруулсан байна.

Түүнчлэн Францын Аллер мужийн Мюллон хотын эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмчийг дагалдан суралцаж, орон нутагтаа умайн хүзүү дурандах шинжилгээг хийж, жирэмсний сүүлийн хугацаанд болон төрөх явцад ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн болон эхийн умайн базлалтыг нэгэн зэрэг бүртгэж, хянах оношилгооны иж бүрэн хяналтын системийг нэвтрүүлж, ургийн бүтэлтээс урьдчилан сэргийлж чаддаг болсноор перинаталь эндэгдлийг жил бүр бууруулсаар байна.

 2000 онд кесар хагалгааны \Коны\ шинэ арга барил  нэвтрүүлсэн бөгөөд кесаров хагалгааны  явцад цус алдсан үед эрхтэн хадгалах мэс засал буюу BLENCH-ийн оёдол тавих умайн артерыг боох аргыг нэвтрүүлж, орчин үеийн \Ультрасонографик\ эхо аппаратыг эзэмшин орон нутгийн эмч нарыг чадавхжуулснаар ургийн эрт үеийн болон эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо сайжирч эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулжээ. 

  Умайн гадуур жирэмслэлтийн үед эмийн эмчилгээ \Метотрексант\-ыг үр дүнтэй нэвтрүүлж, төрөлт сэдээх эмийн арга \Мезопромтол\, эмийн бус арга \Поликатетр\ тавих аргыг нэвтрүүлсний үр нөлөөгөөр төрөхийн эрсдэл буурах болон хагалгааны тоог багасаж байна.