loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРВАЙХЭЭР СУМАНД ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛНА | HuduuMN

АРВАЙХЭЭР СУМАНД ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛНА

2026-10-02

Өвөрхангай аймагт, тэр дундаа Арвайхээр суманд сүүлийн 10 жилд барилга, байгууламж эрс нэмэгдэж, түүний дагасан асуудлууд ундарч, нэгдсэн удирдлагаар шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм. 

Тиймээс Арвайхээр сумын хүн амд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг хүртээмжтэй, найдвартай, аюулгүй хүргэх, инженерийн шугам сүлжээ, нийтийн зориулалттай орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор “Арвайхээр сумын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага” байгуулах үе шаттай ажлууд хийгдэж байна. 

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, “Онги Ус” ТБОНӨО ХХК-ний удирдлагууд, Арвайхээр сумын ерөнхий менежер, багийн Засаг дарга болон Өвөрхангай аймагт нийтийн орон сууц, үйлчилгээний байгууллагын барилгыг барьж буй аж ахуйн нэгжүүд, СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд, дулаан үйлдвэрлэгч байгууллагын төлөөллүүдийн санал солилцох уулзалт болов.  

Уулзалтаар “Арвайхээр сумын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага”-ыг байгуулан ажиллуулах болон  хэрхэн ажиллах талаар санал солилцов. Уулзалтад оролцогчид санал нэгтэй дэмжиж, тулгамдаж буй хийгээд, цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцлээ. 

Өнөөдрийн байдлаар Арвайхээр сумын хэмжээнд ашиглагдаж буй 141 нийтийн орон сууц байгаа бөгөөд дөрвөн СӨХ ажиллаж байна. 

“Арвайхээр сумын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага” байгуулагдсанаар нийтийн зориулалттай орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, нийтийн эзэмшлийн зам талбай арчлалт, холбогдох эрх, тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр болон бохир ус, дулаан хангамжийн үйлчилгээ, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг удирдлагаар ханган хариуцах бөгөөд СӨХ байгууллагатай хамтран ажиллах юм.