Арвайхээр сумын хэмжээнд 11 аж ахуйн нэгжийн 14 халаалтын зуух айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар ханган ажиллаж байгаа.
Аймгийн Засаг даргын зүгээс дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй утааг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсны хүрээнд Арвайхээр сумын дулаан үйлдвэрлэгч нар халаалтын зуухнууддаа дэвшилтэт технологи бүхий шинэчлэлийн ажлыг хийж байна.
Энэ жилийн хувьд дулаан үйлдвэрлэгч 8 аж ахуйн нэгж шинэ зуух суурилуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 4 аж ахуйн нэгж шинэ зуухаа суурилуулж, холболт, тохируулгын ажил хийгдэж байгаа. Үлдсэн аж ахуйн нэгжийн шинэ зуухны суурилуулалт хүлээгдэж буй. Шинэ зуухыг суурилуулах хүртэлээ хуучин зуухнуудаараа халаалтаа өгч байна.
Ийнхүү шинэчлэлийн ажил хийгдэж бүрэн үйлчилгээг үзүүлж эхэлснээр Арвайхээр сумын агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулахын зэрэгцээ дулаан хангамжийн үйл ажиллагаа илүү дэвшилтэт технологийн шийдэлтэй болох юм.