loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Арвайхээрт газрын дахин төлөвлөлт хийх учраас энэ онд газар олгоогүй байна | HuduuMN

Арвайхээрт газрын дахин төлөвлөлт хийх учраас энэ онд газар олгоогүй байна

2024-09-06

Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор 2024 оноос эхлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахдаа Засгийн газрын тогтоолоор баталж олгодог болсон. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 онд 1768 нэгж талбар газар олгохоор төлөвлөснөөс 300 нэгж талбарыг олгожээ. Аймаг, сумын ИТХ-аар хэлэлцэн баталгаажуулсан эзэмших, өмчлөх эрхийн 2198 хүсэлтийг Засгийн газар руу илгээсэн ч Арвайхээр сумын хилийн цэсэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор дахин төлөвлөлт хийх шаардлага үүсэж, саналыг баталгаажуулаагүй байна. Арвайхээр сумын Шинэ суурьшлын бүсэд байгуулсан хаус хороололд шинээр инженер, дэд бүтцийн ажил хийгээгүй учраас 2020 оноос хойш газар олгооогүй юм. Харин 20 га газарт 1500 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барихаар дахин төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд 2020-2024 онд 325 нэгж талбарыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр газрын биржийн цахим системд 511 удаа зарласан бөгөөд үүнээс 184 нэгж талбарыг эзэмшүүлж, 2.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ оноос эхлэн газрын дуудлага худалдааны үнийн 40 хувийг тухайн суманд олгож байгаа аж..                                                                                               “Ирэх жилээс газар олголт хэвийн үргэлжилнэ. Гэхдээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэний дараа газар олголт хийх байр суурьтай байгаа” хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Т.Ариунболд мэдэгдлээ. Мөн газрын дуудлага худалдааны үйл явц болон хэрхэн оролцох талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Иргэд заавал газрын албанд очих шаардлагагүйгээр Egazar.gov.mn вэб сайтаас газар олголттой холбоотой мэдээллийг авч, 27 төрлийн хүсэлт өгөх боломжтой ажээ.