Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул тэрээр 1972 онд ХААИС-ийг төгсөж ирээд 1972-1984 онд Баянгол сумын “Шинэ амьдрал” нэгдэлд 10 жил ерөнхий мал зүйчээр ажилласан байна.
Тэрээр хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар үржлийн ажлыг системтэй явуулж, ширүүвтэр ноостой Баянгол хэвшлийн 100 гаруй хонь бий болгож, сүргийн дунджаар 1.7кг ноос өгч байсан нь хивсний шилүүвтэр ноосны хэвшлийн нутгийн шилдэг омгийн хонь болж чадсан юм.
1984-1992 онд Нарийнтээл суманд сум нэгдлийн ерөнхий мал зүйчээр ажиллаж, ямаан сүрэгт зонхилж байсан “Говь гурван сайхан”-аар эрлийзжүүлэн, ямааны ноолуурын чанарыг сайжруулж, микроныг нарийсгах, өнгийг цайвар болгож зах зээлд өрсөлдөх чадавхыг дээшлүүлэн, цайвар ноолууртай ямааг ялган цөм сүрэг бүрдүүлж, ноолуурын гарц өндөр улаан зүсмийн ямааг ихээр бий болгосон юм.
Ингэснээр 1990-ээд оны үед сумын хэмжээний ямааны 90 орчим хувь нь улаан зүстэй болж, ноолуурын чанар сайжран, 13-14 микроны голчтой зах зээлд өрсөлдөх чадвараараа аймагтаа тэргүүлжээ. Аймгийн хэмжээнд ямааны удам угсааг сайжруулахад нөлөөлж чадсан бөгөөд нийт ямаан сүргийн 90 орчим хувь буюу 1 сая гаруй ямаа улаан зүстэй болсон байна.
Тээлийн улаан ямаа нь 2001 оноос улсад зохион байгуулагдсан үржлийн шилмэл малын худалдаанаас 2003, 2007, 2010, онуудад мөнгө, хүрэл медаль авч, 2007 онд орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм.