Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Багшийн гурван тулгуурт бодлого”, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан ”Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд “Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилтыг үнэлэх журам”-ыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцж, 2026 оноос хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү журмын зорилго нь боловсролын сургалтын байгууллагын багш нарыг урамшуулж,
сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах,
баг хамтын ажиллагаа, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэх,
багшийн нэр хүнд, ёс зүй, үнэлэмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
сургалт, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, багш нарын нийгмийн асуудалд бодит дэмжлэг үзүүлэх юм.
Журмын төсөлд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн багш нарын тухайн хичээлийн жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, ахиц амжилтыг харгалзан үндсэн 2 чиглэлээр 14 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж, 8 хүртлэх сая төгрөгөөр урамшуулахаар тусгасан байна.