Бүсчилсэн хөгжлийн бодлого, Өвөрхангай аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд өчигдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сант суманд аймгийн зүүн бүс дэх “Мал аж ахуйн хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, болон холбогдох яам, бирж, газрын удирдлагууд, тус сумын болон зэргэлдээх сумдын Засаг дарга, иргэд, малчид оролцсон юм.
Уулзалтад ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулж, “Мал аж ахуйн хөгжлийн төв” нь иргэд, малчдад хөнгөлөлттэй зээл, бизнесийн зөвлөх үйлчилгээ, трактор, техник түрээсийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй мал үржлийн нэгж, сүү цагаан идээ боловсруулах зэрэг төрийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллах зорилготой болохыг хэллээ.
Сант сум малын тоогоор аймагтаа тэргүүлдэг сумын нэг бөгөөд Баян-Өндөр, Баянгол сум гурвуул мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, эрс тэс уур амьсгалтай тул аймгийн зүүн бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төв болгон хөгжүүлж, малын ашиг шимийг дээшлүүлэх, малчдын амьжиргааг дэмжих үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд голлон анхаарч ажиллах юм.