loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАТ-ӨЛЗИЙ СУМАНД АЖИЛЛАЛАА | HuduuMN

БАТ-ӨЛЗИЙ СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-03-16

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нар энэ сарын 12-13-ны өдрүүдэд Бат-Өлзий суманд ажиллаж, сумын удирдлага, төрийн байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзалт хийлээ. 

Иргэдтэй хийх уулзалтын үеэр УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр, аймаг, орон нутгийн бодлого шийдвэр, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн онцлог ажлууд, биелэлтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгч, саналыг сонслоо. Иргэдээс малчинд 5 га газар эзэмшүүлэх төрийн шийдвэр оновчгүй болохыг шүүмжлээд, малчдад олгож буй зээлийн хүүг бууруулах, иргэдэд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг дахин зохион байгуулах, алтны уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаад анхаарал хандуулж, үр дүнтэй хариу арга хэмжээ авах зэрэг саналуудыг хэллээ. 

Тус суманд ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Энэ үеэр 1 дүгээр сургуулийн 350 хүүхдийн сургуулийн шинэ барилга, цэцэрлэгийн өргөтгөл бариулах шаардлагатай байгааг танилцуулав. Уг асуудлыг шийдвэрлэхээр зураг төсвийг нь шуурхай эцэслэж, ирэх оны төсөвт тусгаж ажиллахаар орон нутгийн удирдлагуудтай ярилцаж шийдсэн юм. Мөн сумын гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж шинэ гэр олгохоор шийдвэрлэлээ.