Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд БНСУ-ын Грийн эмнэлэг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлэх төслийн уулзалт боллоо.
Уулзалтад Грийн эмнэлгийн дарга Им Сан Хёг, тус эмнэлгийн стратеги төлөвлөлтийн газрын дарга Чой Юү Сон, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Ч.Дэлгэрцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа болон аймгийн удирдлагууд, салбарын удирдлага эмч, мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтаар аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөл, нас баралтын шалтгаант болон 0-18 насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаант өвчлөл, БОЭТ-ийн хүчин чадлын талаарх танилцуулга мэдээллийг хийв. Мөн Грийн эмнэлгийн хүчин чадал, үзүүлж буй тусламж үйлчилгээ, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг тус эмнэлгийн дарга өгсөн юм.
Төслийн хүрээнд Грийн эмнэлгийн 17 эмчийн бүрэлдэхүүнтэй баг 0–18 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд цус багадалт, амны хөндийн эрүүл мэнд, хеликобактерийн оношилгоо, эмчилгээг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Аймаг, орон нутгийн зүгээс энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боломж, нөхцөлийг бүрдүүлэн, дэмжин ажиллахаа илэрхийллээ.