Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй 2022 оноос хойш хамтран ажиллаж байгаа “Эль” эмнэлгийн захирал Чу Ки Чоль тэргүүтэй зочид өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, нарийн бичгийн дарга С.Ундрах, аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг болон БОЭТ-ийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Эль” болон “Чам Чуван” нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус эмнэлгүүдэд Өвөрхангай аймгаас туршлага судлаад ирсэн эмч, сувилагчдын ур чадвар нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлж, нутагшуулж буй байдал, цаашид эмч, сувилагчдыг чадавхжуулахаас гадна, эмнэлгийн бус мэргэжилтнүүдийг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ки Чоль “Манай эмнэлэгт сурсан мэдлэг туршлагаа өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж, ажил хэрэг болгож байгаад талархаж, цаашид хамтын ажиллагаагаа үр дүнтэй, тасралтгүй үргэлжлүүлэх”-ээ илэрхийллээ.
БОЭТ нь дээрх 10 гаруй эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос 50 гаруй эмч, сувилагч 21 хоногийн хугацаанд эмнэлгийн орчинд дадлага сургалтад хамрагдан, туршлага судлан, чадавхжаад ирсэн. Тун удахгүй тус эмнэлгээс 14 эмч, мэргэжилтэн туршлага судлан, суралцахаар явна.
Туршлага судлаад ирсэн эмч нар “Эль” эмнэлгийн загвараар БОЭТ-д яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийг байгуулж, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж байгаа нь орон нутгийн түвшинд шинэлэг ажил болоод байгаа юм.