loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БҮҮ БАС!” АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛОВ | HuduuMN

“БҮҮ БАС!” АЯНЫ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛОВ

2026-06-15

Аймгийн Онцгой байдлын газраас өнөөдөр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү Бас!” аяныг эхлүүлж, нээлтийн өдөрлөгийг Номин худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав үг хэлэн, иргэд мэдлэгтэй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалдаг байхыг уриалсан юм.  

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд усны осол 537 удаа бүртгэгдэж, 464 том хүн, 81 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс 17 тохиолдолд нь Өвөрхангай аймагт бүртгэгдсэн байна. 

Аймгийн хэмжээнд 2025 онд усны ослын 8 дуудлага, он гарсаар нэг дуудлага бүртгэгдсэн бөгөөд дөрөв нь бага насны хүүхэд байна. 

Өдөрлөгт аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо хамтран үер усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд хүргэж, аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийн үзэсгэлэнг сонирхууллаа.

Энэхүү аяныг аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/381 дүгээр захирамж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж үер, усны ослын эрсдэлийг бууруулах, Монгол Улсын Засгийн газраас зарласан Хүүхдийн төлөө “ЗА бол ЗААВАЛ хий” аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд өрнүүлнэ.