Аймгийн Боловсролын газраас өнөөдөр Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан ололт амжилтаа дүгнэж цэгнэсэн, шилдэг багш нараа шагнан алдаршуулсан баярын хурлаа хийлээ.
Энэ онд аймгийн боловсролын салбарт улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин суманд тус бүр 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл, Уянга суманд 100 хүүхдийн дотуур байр, Сант суманд 250 суудал бүхий спорт заал, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга тус тус ашиглалтад оруулсан бол Богд,, Бүрд, Зүүнбаян-Улаан суманд тус бүр 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл, Гучин-Ус, Уянга, Хархорин сумдад тус бүр 250 хүний суудалтай спорт заал ашиглалтад орж, боловсролын бүтээмж, орчин нөхцөл сайжирч байна.
Ирэх жилд буюу 2027 онд Баянгол суманд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.
Хурлын үеэр Боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тунгийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль", салбарын тэргүүний шагнал болон орон нутгийн шагналыг гардууллаа.
Мөн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгээрээ шалгарсан 2026 оны аймгийн тэргүүний байгууллага, удирдлага, багш, ажилтнуудыг тодруулан, шагнаж урамашуулан, алдаршуулав.
Аймгийн тэргүүний сургуулиар Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургууль,
Аймгийн тэргүүний цэцэрлэгээр Арвайхээр сумын 11 дүгээр цэцэрлэг,
Аймгийн тэргүүний дотуур байраар Бат-Өлзий сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 100 хүүхдийн дотуур байр,
Аймгийн тэргүүний аргазүйчээр М.Отгон,
Аймгийн тэргүүний сургуулийн захирлаар Сант сумын ЕБС-ийн захирал Ч.Ганчимэг,
Аймгийн тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр Бат-Өлзий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Батжаргал,
Аймгийн тэргүүний сургалтын менежэрээр Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Балжинням,
Аймгийн тэргүүний нийгмийн ажилтанаар Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Анхбаяр,
Аймгийн тэргүүний цэцэрлэгийн багшаар Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Сувд-Эрдэнэ,
Аймгийн тэргүүний бага ангийн багшаар Мэргэд сургуулийн багш Э.Дэлгэржаргал,
Аймгийн тэргүүний дунд ангийн багшаар Тэмүүлэл-Эрдэм сургуулийн хятад хэлний багш Ө.Шийлэгцэрэн,
Аймгийн тэргүүний залуу багшаар Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн математикийн багш Ц.Шийрэвдорж, Хужирт сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн газарзүйн багш Б.Бадамгарав нар,
Аймгийн тэргүүний үйлчилгээний ажилтнаар Баянгол сумын ЕБС-ын спорт заалны үйлчлэгч М.Ганчимэг нар тус тус шалгарч, шагнагдлаа.
Аймгийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд СӨБ-ын 50 байгууллагад 8340 хүүхэд, ЕБ-ын 33 сургуульд 25665 сурагчтайгаар, Политехник коллеж 922 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.