loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-03-05

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтаар Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа аймгийн эрүүл мэндийн салбарын танилцуулга, амжилт бүтээл, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Танилцуулгад:

         Аймгийн эрүүл мэндийн салбарын 1797 эмч, мэргэжилтэн, ажилтнууд 115 мянга гаруй хүн амд, Архангай, Баянхонгор, Төв, Булган аймгуудын иргэдэд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж үйлчилгээнд хавдрын хими, бай эмчилгээг нэвтрүүлж, орон нутагт нутагшуулж чадсан нь хил залгаа аймгуудаас иргэд ирж үйлчлүүлэх нөхцөл бүрдсэнийг онцлов. Мөн ангиографийн тусламж, үйлчилгээг чанартай нэвтрүүлсний үр дүнд зүрх, судасны өвчлөлийн шалтгаант нас баралт эрчимтэй буурч байгаа. Түүнчлэн гэмтлийн мэс засал, мэс заслын дараах тусламж үйлчилгээг амжилттай хөгжүүлж байгааг дурдсан юм. 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайдын зүгээс “эрүүл мэндийн салбарын төсөв хүрэлцээгүй энэ цаг үед аймгийнхаа эмнэлгийн тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэн ажиллаж байгаад аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд Өвөрхангай аймагт улсын хэмжээнд жишиг болохуйц 300 ортой үлгэрчилсэн эмнэлэг байгуулахаар 120 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгааг дуулгалаа.