loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Франц улсын Аллиер мужийн AПAУ нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд 2026 оны 04 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана.   | HuduuMN

Франц улсын Аллиер мужийн AПAУ нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд 2026 оны 04 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана.

2026-04-09

Тус нийгэмлэгийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөгчид өнөөдөр аймгийн ЗТДГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа, Арвайхээр сумын 11 цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа болон холбогдох мэргэжилтнүүдтэй албаны уулзалт хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа. 

АПАУ нийгэмлэгийн төлөөлөгчийн багт хөдөлмөр засалч, ажлын багийн ахлагч Сильва ГУНО тэргүүтэй, сэтгэл-хөдөлгөөн засалч, тусгай боловсролын багш, сэргээн засалч, аутизмтай хүүхдүүдийн сурган хүмүүжүүлэгч гэсэн мэргэжилтнүүд багтсан байна. 

Аймагт ажиллах хугацаандаа шинэ мэдлэг, дадлага, туршлагыг эмч мэргэжилтнүүдэд олгох, Арвайхээр сумын 11 цэцэрлэгт түлхүү ажиллаж, тус цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж, сэтгэл зүй болон хөдөлгөөн заслын тусламж үзүүлэх, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгөх ажээ. 

Өвөрхангай аймаг Франц Улсын Аллиер мужтай ах дүүгийн харилцаа тогтоогоод 26 жилийн нүүр үзэж байна. Хоёр аймгийн хамтын ажиллагааны үр дүнд үүсгэн байгуулсан АПАУ нийгэмлэг өнөөг хүртэл Өвөрхангай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тус хугацаанд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт эд материалын болон багш, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ирсэн.  

Цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багш, сэргээн засалчдыг Аллиер мужид сургаж туршлага судлуулах, сурагч солилцоог хэрэгжүүлж, байгаль хамгааллын сэдвээр бүтээл хийж түгээх болон музейн үзүүллэг дэглэлтийн чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.