Жил бүр хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг улс даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Аймгийн хэмжээнд ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монгол банкны Өвөрхангай аймаг дахь салбар нь Цагдаагийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Насан туршийн суралцахуйн төв, банкны салбар төвүүд, сумдын ЗДТГ, "Иргэний засаглал" ТББ-ын дэргэдэх GENIUS сургалтын төв хамтран хоёр зорилтын хүрээнд 15 төрлийн үйл ажиллагааг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд "Мөнгөө ухаалгаар удирдъя" илтгэлийн уралдаан боллоо.
Илтгэлийн уралдааныг 3 үе шаттай зохион байгуулж, Арвайхээр, Нарийнтээл, Хайрхандулаан, Сант, Хархорин сумын ерөнхий боловсролын 16 сурагч илтгэлээ ирүүлсэн байна. Үүнээс 13 сурагч хоёр дугаар шатанд оролцож, 2 илтгэгч цахимаар илтгэлээ танилцуулсан нь оролцогчдыг тэгш хамруулах боломж бүрдүүлснээрээ онцлог болов. Сүүлийн шатанд 9 илтгэгч шүүгчдийн зүгээс сугалуулсан илтгэлийн сэдвийн хүрээнд 2 минутад илтгэлээ бэлтгэж, танилцуулсан.
Уралдаанд оролцогчид илтгэлээрээ дамжуулан орлого, зарлагаа зөв төлөвлөх, хуримтлал үүсгэхийн давуу талыг онцолж, санхүүгийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд уриалж байв.
Илтгэлийн уралдааны тэргүүн байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баярмаа, дэд байрт Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ариунхүслэн, гутгаар байрт Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Цолмон нар манлайлсан бөгөөд тусгай байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Лхагвасүрэн, Мэргэд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Цэрэнлхам нар тус тус шалгарч, шагнагдлаа.
“Мөнгөний долоо хоног” аяны хүрээнд “Хуримтлалтай клуб” аян, “Цахимд нягтал-залиланд бүү хуурт” хэлэлцүүлэг, "Мөнгөө ухаалгаар удирдъя" рийл бичлэгийн уралдаан болон сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.