Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2026 оны хоёр дугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 18-ны өдрөөс эхлэн улс даяар зохион байгуулагдаж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг Өвөрхангай аймагт өгөхөөр хоёрдугаар улиралд 52 иргэн бүртгүүлж, үүнээс 47 иргэн өчигдөр хуваарийн дагуу хоёр ээлжээр шалгалтаа өгч, 11 иргэн буюу шалгуулагчдын 21,1 хувь нь тэнцлээ.
Шалгалтын явцад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт хийж ажилласан бөгөөд шалгалт ямар нэгэн зөрчилгүй, техникийн сааталгүй, иргэдээс ирсэн гомдолгүй, амжилттай болж өндөрлөлөө.
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлэх иргэд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нийтлэг шаардлагын дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм. Үүнд:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн тухай баримт бичиг;
Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухай баримт (бүртгэл явагдаж буй хугацаанд авсан байх);
Бүртгэл явагдаж буй хугацаанд e-mongolia–с татан авсан иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт
зэргийг бүрдүүлж, цахим бүртгэлд оруулахдаа цэгцтэй, баримт бичгийн зургийг тод харагдах байдлаар чанартай оруулахад анхаарах шаардлагатай байна.