Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгаланд жил бүр болдог “Karakorum ice festival” энэ өдрүүдэд өргөн дэлгэр өрнөж байна.
Тус үйл ажиллагаанд эхний өдрийн байдлаар спортын тэмцээн, уралдаанд оролцогч дотоод, гадаадын зочин гийчид, 4 орны жуулчид, спорт сонирхогчид, аялагчид зэрэг 800 гаруй хүн оролцож байна.
Энэ жил тус фестивалиар “Авто ралли” богино зайн бартаат замын уралдаан, мөсөн шагай болон харваа, сурын харваа, мөсөнд авиралтын мэргэжлийн болон сонирхогчдын хурдны төрлийн тэмцээнүүд болж байгаа юм. Мөн монгол наадгай, нүүдэлчин өв соёлын үзүүлбэр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Эхний өдөр мөсөн шагай болон сурын харваа, бартаат замын уралдаанны шилдгүүдээ тодорч, шагналыг гардуулав. Мөн үндэсний өв соёл, уламжлалаа харуулах үйл ажиллагаанд Уянга сумын “Хээрийн цайны ёслол” тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналын эзэд боллоо
Фестиваль өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд мөсөнд авиралтын аваргуудаа тодруулна.