Төгрөг сумын харьяат Шаравын Өлзийбат нь 1965 оноос одоог хүртэл мал эмнэлгийн салбарт мал эмнэлгийн эрхлэгч, малын эмчээр тасралтгүй 61 жил ажиллаж байгаа бөгөөд энэ өдөр тэрээр Монгол улсын "Малын гавьяат эмч" хэмээх эрхэм цолыг хүртэж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.
Тэрээр Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд "Эмчилгээ тэжээлийн цэг"-ийн эрхлэгч, малын эмч, 1974-1992 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн "Эмчилгээ тэжээлийн цэг"-ийн эрхлэгч эмч, эмчилгээ тэжээлийн бордооны хэсгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.
Ш.Өлзийбат нь сумынхаа “Эмчилгээ тэжээлийн цэг”-ийн эрхлэгч эмч, бордооны хэсгийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Эмчилгээ тэжээлийн цэг”-ийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, мал сүргийг тогтвортой өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын эдгэрэлт тэнхрэлтийг 91,2-99,4 хувьд хүргэж хөдөлмөрийн гарамгай амжилт гарган ажилласнаар 1987 онд Улсын тэргүүний эмчилгээ тэжээлийн цэг болж байжээ.
Мөн мал эмнэлгийнхээ материаллаг бааз, үйл ажиллагааг тогтмол сайжруулж, улсын хэмжээнд зохион байгуулагдсан мал эмнэлгийн аттестатчилалд 2 дугаар зэрэглэлд тэнцсэн байна. Түүнчлэн Мерсикор олон улсын байгууллагаас зохион байгуулсан шилдэг хувийн мал эмнэлэг шалгаруулах уралдаанд аймгаасаа шалгарч байсан зэрэг амжилтуудыг үзүүлж байсан юм.
Тэрээр гавьяаныхаа амралтыг авсан ч “Ягаан толгой” хувиараа эрхлэх аж ахуйн малын эмчээр 1999 он хүртэл ажиллаж байгаад бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулан малын эмчээр одоог хүртэл ажиллаж байна.
Сумандаа паразит хорхойн төрөл тодорхойлох шинжилгээ, мэс заслын эмчилгээг бие даан хийхийн зэрэгцээ эмийн ургамал түүж малын эмчилгээнд хэрэглэх, халдварт болон халдварт бус шимэгчлэх, эндемик өвчнүүдийн гаралт, тархалтын судалгааг хийж, оношлон, эмчлэхээс гадна малын өвчин тус бүр дээр нарийвчлан газрын зурагт буулган, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж ажилласаар байна.
Нутаг орныхоо малын эрүүл мэндэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, аймгийнхаа төдийгүй хөрш зэргэлдээх сумдын малчид, малын эмч нарт өөрийн арвин их туршлага, мэдлэгээ хуваалцаж, мэргэжлийн арга зүй, зөвлөгөө үйлчилгээг хүргэсээр байгаа түүний хөдөлмөрийг үнэлж “Мал Аж Ахуйн Хүндэт Профессор Цол”-оор шагнаж байсан бол энэ удаа МУ-ын “МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ” цолоор шагнаж алдаршууллаа.