Уулзалтад ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын удирдлага, дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, барилгын компанийн төлөөллүүд оролцов.
Уулзалтаар дулаан үйлдвэрлэгч байгууллагууд халаалтын зуухандаа шинэчлэл хийж, агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын үр дүнд дулаан үйлдвэрлэгч байгууллагуудыг хамруулан дэвшилтэт технологийг судлуулах нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Арвайн зам транс” ХХК-ийн уурын зууханд дэвшилтэт технологийг туршилтаар нэвтрүүлэхээр харилцан ойлголцолд хүрлээ.
Түүнчлэн дулаан үйлдвэрлэгч зарим байгууллагууд одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлэхгүйгээр, дулаан дамжуулах шугам хоолойг технологийн дагуу хийхгүйгээр шинээр баригдаж буй нийтийн орон сууцуудад дулаан нийлүүлж байна. Үүнээс үүдэн өвлийн туршид дулаанаар бүрэн хангаж чадахгүй хэрэглэгчдийн хохироож буй асуудал даамжирч байгаа.
Тиймээс дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэхгүйгээр, барилгын компаниуд олгогдсон техникийн нөхцлийн дагуу дулааны шугам сүлжээний өргөтгөл хийгээгүй тохиолдолд шинэ орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээж авахгүй байхыг сануулав.