“Угийн бичиг” хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, өрх бүрд хөтлүүлэн хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сургагч багш” бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж, 68 хүнийг хамруулан, батламж гардуулав.
Сургалтыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас "Уг удам-Өв соёл" ТББ-тай хамтран 19 сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Насан туршийн сургалцахуйн төвийн багш, Соёлын төвийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд, иргэдийн төлөөллийг чадавхжуулж, “Угийн бичиг” сургалтыг зохион байгуулах сургагч багшаар бэлтгэлээ.
Энэ удаагийн сургалтаар "Уг удам-Өв соёл" нийгэмд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Энхтуяа, тус ТББ-ын Чингэлтэй дүүргийн тэргүүн Б.Алтанцэцэг, Өвөрхангай салбарын тэргүүн Д.Бямбасүрэн нар угийн бичиг хөтлөх арга зүй, ургийн овог, удмын түүх, зураглал, ураг төрлийн холбоо, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг таниулан, ураг төрөл ойртсон гэрлэлтээс сэргийлэх, угийн бичгийг хөтлөхийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх мэдлэг олгож, дадлага ажлаар чадавхжуулсан юм.
Монголчууд эртнээс угийн бичгээ хөтлөн, эцэг, эхийнхээ удам угсаа, төрөл садны хэлхээ, салааг сайтар бүртгэж, есөн үеэс дотогш хүнтэй ураг барилдахыг цээрлэж ирсэн уламжлалтай.
Угийн бичиг хөтлөх уламжлалт соёлыг сэргээж, монгол хүний удмын санг хадгалан хамгаалах, удамшил зүйн хяналтын тогтолцоо, удмын мэдээллийн систем хөгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой билээ.