Боловсролын салбарт 38 жил тасралтгүй ажиллаж буй Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Норинпэлийн Норгинханд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат багш” болж, цол тэмдэгээ гардан авлаа.
Тэрээр ерөнхий боловсролын сургуульд 10 жил физик, математикийн багш, 17 жил сургалтын менежерээр, 8 жил захирлаар тус тус ажиллаж, аймгийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа юм.
Н.Норгинханд 2017-2024 онуудад Мэргэд сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа БШУЯ, БҮТ-өөс зохион байгуулдаг Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд 79,8%, 2023 онд 84,6%, 2024 онд 86,5%- тай тус тус үнэлэгдэн, 700 гаруй сургуулиас гурван удаа дараалан нэгдүгээр индекст үнэлүүлж, чанарын үнэлгээгээр “УЛСЫН ТОП-20 СУРГУУЛЬ”-ийн нэг болгон хөгжүүлсэн.
Мөн суралцагчдын ЭЕШ-ын дүнгийн дундаж оноогоор аймагтаа 8 удаа тэргүүн, 6 удаа дэд, 2 удаа гутгаар байрт шалгарсан амжилтаараа аймгийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”, Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн алтан болон мөнгөн гэрэгэг удаа дараа авч байсан амжилтуудыг тус тус үзүүлсэн юм.
Тэрээр багшаар ажиллах хугацаандаа 8000 шахам сурагчдад физикийн хичээл зааж, 600 гаруй сурагчдыг их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэсэн, 3 удаа 10 дугаар анги даан төгсгөж 500 гаруй сурагчдыг ажил амьдралын замд чиглүүлсэн бөгөөд 200 гаруй сурагчид нь өндөр хөгжилтэй гадаад улс, орнуудад суралцаж мэргэжил боловсрол эзэмшсэн байна.