Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримтад тусган, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар өнөөдөр шуурхай хуралд танилцуулж, “Шилдэг үндэсний бичигтэн сум, байгууллага”-уудыг шагнаж, урамшуулав.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаагаар улсын хэмжээнд Өвөрхангай аймаг 2021 онд 8 дугаарт жагсаж байсан бол 2024 онд 2 дугаарт жагсжээ.
Аймгийн төрийн байгууллагуудын стандартын шаардлага хангасан хос бичиг бүхий гадна хаягжуулалт 30.5 хувь, албан бичиг, шийдвэрийг хос бичгээр хөтлөх үйл ажиллагаа 67,3 хувьтай байна.
2025 оны үйл ажиллагаагаараа Хархорин сум “Шилдэг үндэсний бичигтэн сум”-аар шалгарлаа.
“Шилдэг үндэсний бичигтэн байгууллага”-аар:
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар,
Нийгмийн даатгалын газар,
Татварын газар,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар,
Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар;
Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Төв номын сан тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулж өгөв.
Түүнчлэн үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн санаачилгаар идэвх, зүтгэл гарган сумынхаа иргэд, хүүхэд залууст мэдлэг олгож байгаа Баян-Өндөр сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Бямбадоржийг шагнаж, урамшууллаа.