Аймгийн “Номын гүүр” англи хэлний сургалтын төв нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн Эрлангин хотын Фраконион Ахлах сургуультай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй багш, сурагчдыг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч хүлээн авч, орон нутгаас үзүүлж буй мөнгөн дэмжлэгийг гардуулан, Герман улсад сурч мэдсэнээ орон нутгийн үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэхийг захиж, амжилт хүслээ.
Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь 2018, 2024 онуудад хоёр орны багш сурагчдыг сурагч солилцоонд хамруулж байсан бөгөөд 14 хоногийн хугацаанд монгол багш сурагчид Герман улсын гэр бүлд амьдарч, Франконеон Ахлах сургуульд өөр өөрсдийн томилогдсон ангидаа олон улсын боловсролоос суралцах, түүх соёл зан заншилтай танилцдаг бол тус улсын багш, сурагчид Өвөрхангай аймгийн түүх соёл, хөгжил, орон нутгийн амьдралтай танилцдаг байна.
Энэ удаагийн сурагч солилцооны хөтөлбөрт Номын гүүр” англи хэлний сургалтын төвийн болон Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн англи хэлний багш Т.Норжмаа, ЕБ-ын 1 дүгээр сургууль, Мэргэд, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид англи хэлний мэдлэгийн түвшин, төсөл хөтөлбөрийг удирдан манлайлах, сайн дурын ажилд идэвхтэй хамрагддаг зэрэг шалгуураар сонгогджээ.