Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж байгаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцах, цаашдын ажлын явцыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Ө.Төмөрбаатар нар өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр нартай уулзалт хийлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 орчим сая мод тарьж, ургуулаад байна. Мод тарилтын дараах арчилгаа, хамгаалалтыг үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлснээр тарьсан модны амьдрах чадвар 75-аас дээш хувьтай байгаа юм.
Өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 406 мянган мод тарьсан бол энэ намар 600 мянган мод тарихаар төлөвлөсөн.
Цаашид жил бүр мод тарих ажлын цар хүрээг нэмэгдүүлж, жилд 3 сая орчим мод тарих зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч Засгийн газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 100 хувь хэрэгжүүлэх боломжтой тул үүнд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг орон нутгийн зүгээс уламжиллаа.