loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ | HuduuMN

УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-02-03

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй томоохон төслийн талаар танилцууллаа. 

Монгол орны төв цэгт оршдог газарзүйн байрлалаа ашиглан Хангайн болон баруун бүсийн “Тээвэр логистик”-ийн төв болгон хөгжүүлнэ төслийн саналаа танилцуулав. Энэ хүрээнд ирэх онд хийгдэх Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн автозамаас Өвөрхангай аймгийн нутагт хамаарах 150 км автозамыг барих ажлыг үргэлжлүүлэх, Богд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сум хүртэлх 185 км хатуу хучилттай авто зам, бүх сумдыг хатуу хучилттай автозамтай холбох ажлын хүрээнд хийгдэж буй улсын чанартай авто замын ажлыг дэмжиж, эрчимжүүлж өгөх саналыг дэвшүүлэв. Түүнчлэн аймагт баригдаж буй Дулааны станцын ажлыг эрчимжүүлж өгөх, орон нутгийн засаглалын бие даасан байдлыг нэмэгдүүлэх хүрээнд Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудад орон нутгийн онцлогтой уялдуулан зарим нэг нэмэлт өөрчлөлтийг оруулж өгөх саналыг мөн дэвшүүлсэн юм. 

УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын үеэр аймгийн Засаг даргын саналыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийлэв. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэх асуудлыг бодлогоор дэмжихэд анхаарч, төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах тал дээр өөрчлөлт, шинэчлэлийг хийхээ хэллээ. Түүнчлэн төрийн албанд чөдөр тушаа болоод байгаа асуудлуудыг цэгцэлж, чөлөөлж, үр дүнтэй ажиллах, иргэдийн хүссэн үйлчилгээг саадгүй хүргэх боломжийг бий болгоход анхаарч ажиллах бөгөөд эрх мэдлийг задалж, төвлөрлийг сааруулж, хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцоллоо.