
Аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөл энэ оны анхны хурлаа хийлээ.
Хурлаар энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.
Аймгийн Засаг даргын 2024 оны A/506 тоот захирамжаар “Хүүхэд хамгааллын мэргэжлийн зөвлөх баг"-ийг байгуулж, өсвөр үеийн охидын дунд “Охидын хувийн хөгжил” судалгааг хийсэн байна.
Мөн хүүхдүүдийн аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор “Хүүхдэд ээлтэй байдлын индекс”-ийн судалгааг хийсэн бөгөөд үүний үр дүнд тулгуурлан аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” зэрэг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн хүний эрхийн боловсрол олгох, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран “Зүрх бүхэнд хайр бий” драмын жүжгийг 3000 шахам хүүхдүүдэд хүргэж, нөлөөллийн үр дүнг тооцон ажиллажээ.
Мөн хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 36 удаагийн эрсдэлийн үнэлгээ хийж, 136 зөрчил илрүүлэн 122 буюу 89,7 хувийг арилгуулсан байна.
Хурлаар Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг хэлэлцэв.
Салбар зөвлөлөөс улирал бүрийн эхний сард “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулахаар тогтоод байна.