Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын албан ёсны нээлт хаврын тэргүүн сарын шинийн 5-нд боллоо. 13.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилга ашиглалтад орсноор Хархорин сумын нэгдсэн эмнэлэг нь дотор-мэдрэл, хүүхэд, мэс засал, төрөх-эмэгтэйчүүд, уламжлалт, халдвартын тасагт нийт 70 ортой тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол 100 ортой болж өргөжиж байна.
Түүнчлэн оношилгооны өндөр чадавх бүхий компьютер томографын аппарат, цусны үйлдвэрлэлийн зэрэг орчин үеийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 2022 оноос эхлэн хийж эхэлснээс гадна ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан, сэргээн засах, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн зэрэг олон ахиц дэвшлийг дурдаж болно.
Өдгөө нэгдсэн эмнэлэг нь их эмч 29, сувилагч мэргэжилтэн 36, захиргаа үйлчилгээний 44 ажилтантайгаар өөрийн харьяаллын 15000 гаруй болон тойргийн сумдын 28000 гаруй хүн амд лавлагаа, шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бүсийн сумдын хэмжээнд төдийгүй Архангай, Булган аймгийн ойролцоох сумдын иргэдэд ч тусламж үйлчилгээ үзүүлж, аялал жуулчлалын хөдөлгөөн эрчимжсэн үед олон улсын аялагч жуулчдад ч үйлчлэх шаардлага гардаг тухай эмнэлгийн хамт олон онцолж байлаа.
Нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Монгол улсын хэмжээнд суманд баригдсан анхны 100 ортой эмнэлэг болохыг онцоллоо. Мөн энэ үеэр сумынхаа нэгдсэн эмнэлэгт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, одоо ажиллаж байгаа ажилтан, ажиллагсадад төрийн шагнал гардууллаа.