loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ 2 ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ | HuduuMN

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН-УУЛ АЙМАГТ 2 ӨДӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-17

Монгол Улс 226 мянга гаруй төрийн албан хаагчтай, тэдний 17191 нь Дархан, Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж амьдардаг. Энэ удаагийн зөвлөгөөнд Төвийн бүсийн төрийн албан хаагчдаа төлөөлж 450 албан хаагч оролцож Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны хууль тогтоомжийн талаар мэдээлэл авч, “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ”, “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, цахим технологийн хэрэглээ”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдвээр 4 хэсэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Хэлэцүүлгийн чиглэл бүрээс оролцогчид саналаа хэлж, асуудал дэвшүүлсэн ба орон нутгийн онцлогтой өөрсдөд тулгамддаг асуудлаа хоорондоо харилцан санал солилцсон үр дүнтэй зөвлөгөөнд оролцож байгаагаа Төрийн албан хаагчид онцолж байлаа. Мөн зөвлөгөөнд оролцогчдод Дижитал төр-AI: Бүтээмж бас технологийн шийдэл, Үнэт зүйл ба төлөвшил, Ажил амьдралын тэнцвэр сэдвүүдээр мэргэшсэн илгэгчид илтгэл тавьж зөвлөгөө өглөө.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл-үр дүн” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, “Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал”сэдвээр УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Төрийн албаны шинэтгэл-ёс зүй” сэдвээр Ёс зүйн хорооны дарга, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс, “Төрийн албаны өнөөгийн байдал-330 сум” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, МУ-ын Гавьяат хуульч Б.Идэрчулуун зөвлөгөөнд оролцогч 450 албан хаагчдад илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Хэлэлцүүлэгт орон нутгийн албан хаагчид тулгамдаж буй асуудал, санал бодлоо нээлттэй илэрхийлсэн юм. 

- Сумын ЗДТГ-ын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэх. Учир нь Төрийн цахим үйлчилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ, худалдан авах ажиллагаа, дэд бүтэц, гамшгийн гээд сумын ЗДТГ-ын чиг үүрэг нэмэгдсээр байгаа,

- Төрийн албаны хууль, бусад хууль, тогтоомжийн өөр хоорондоо зөрчилдсөн зүйл, заалтууд хамгийн их хүндрэл учруулж, эцэстээ төрийн албан хаагч хохирох тохиолдол гарч байгааг анхаарч төрийн албыг улс төрөөс ангид байлгах, 

- Улс төрийн томилгоогоор чадваргүй албан хаагчид төрийн албанд орж төрийн албаны нэр хүндийг унагах,

- Төрийн албаны удирдлагууд тэгш шударга байх, албан хаагчдын ажлын ачаалал харьцангуй өөр байж цалин урамшуулал адил авах,

- Цаг үеийн ажил, ажлын хэсэгт амралтын өдрүүдэд, илүү цагаар ажиллаад цалин урамшуулал өгдөггүй,

- Залуу боловсон хүчнүүд орон нутагт ажиллаж амьдрахад байр орон сууцны асуудлууд тулгарч ипотекийн зээлд хамрагдах нөхцөл хүнд байдаг, 

- Ажлын байрны тоног төхөөрөмжийн шинэчлэл муугаас ажлын ачаалал ихэсч, гүйцэтгэлийн чанар муудах, ажлын цагтаа ажил амждаггүй,

- Тоног төхөөрөмжийн хангалт болон шинэ албан хаагчдыг илүү цагаар олон ажилд ачааллах зэргээс үүдэж залуу, чадварлаг боловсон хүчнүүд шантрах зэрэг олон асуудал байдгийг хэлэлцүүлэгт оролцогчдоос хэлж Төрийн албаны хуулийн шинэчлэлд судалгаанд үндэслэсэн, бодитой өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж байлаа.