loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-04-28

Хүмүүн цогцолбор сургууль нь аймгийн ИТХ-ын 88 дугаар тогтоол, Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 123 дугаар захирамжаар Зуунмод хотын I, II, III сургуулиудыг нэгтгэн ахлах, дунд, бага сургуультай цогцолбор сургууль болж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Ахлах сургуулийн барилга буюу хичээлийн Б байр 1974 онд ашиглалтад орсон. 1978 онд  өргөтгөлийн барилга баригдаж 3941мкв талбай бүхий 2 давхар барилгатай болсон. Сүүлд 2007 онд их завсар хийгдсэнээс хойш төсвийн хөрөнгө, төгсөгчид болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллагуудын хандив, тусламжаар сургуулий үүд, угтах хэсэг, анги танхим, ариун цэврийн өрөөг хэсэгчилж засварласаар ирсэн байна. 2024-2025 оны хичээлийн жилд тус сургуульд 886 хүүхэд суралцаж байна.

Сургуулийн барилга жигд муудсан, спортын зааланд хүүхэд хичээллэх боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар сургуулийн удирдлага, багш ажиллагсдын зүгээс хэлж байв.

Хичээлийн Б байрны дотуур байр 1974 онд ашиглалтад орсон. Уг дотуур байранд хамгийн сүүлд буюу  2008 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр их засвар хийгдсэнээс хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байна. Энэ хичээлийн жилд тус дотуур байранд 93 хүүхэд амьдарч байгаа юм.

Харин Хүмүүн цогцолбор сургуулийн А байр буюу дунд сургуулийн барилга 1987 онд ашиглалтад орсон. Нийт 5892мкв талбай бүхий 3 давхар барилгатай. 2022 онд их засвар хийгдсэн. Энэ хичээлийн жилд дунд сургуульд 1124 хүүхэд хичээллэж байна. Дотуур байрны хувьд мөн 1987 онд ашиглалтад орсон ба өнөөдрийн байдлаар барилгад цууралт өгсөн байдалтай, цаашид хүүхдүүд амьдрахад хүндрэлтэй болсон ба одоогоор 3 өрөөг огт ашиглах боломжгүй болж хаасан байдалтай байгаа аж.

Хүмүүн цогцолбор бага сургуулийн барилга 2006 онд ашиглалтад орсон, 1471мкв талбайтай, 2 давхар барилгатай. Энд 1-5 дугаар ангийн 1720 хүүхэд бага суралцдаг.

Хүмүүн цогцолбор сургууль бага, дунд, ахлах гэсэн 3 сургууль дээр хичээл  сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг ч анги танхим хүрэлцээгүйн улмаас анги дүүргэлт буюу сурагчдын тоо хэтэрсэн /40+/, сургууль сэлгэж хичээллэх зэрэг бэрхшээлүүд байсаар байна.

Иймээс 640 хүүхдийн суудалтай бага сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж эхэлсэн ба 2026 оны намар ашиглалтад өгөх хугацаатай байсан ч үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хугацааг наашлуулж ,энэ онд ашиглалтад оруулах боломжтой эсэх талаар тодруулж, мөн ахлах сургуулийн спорт заалыг шинэчилж засварлах ажлыг яаралтай хийхгүй бол хүүхэд хичээллэх боломжгүй болсон талаар сургуулийн удирдлага, багш нарын зүгээс хэлж байв.

Сургуулийн удирдлага, багш нар, ажилтан ажиллагсдын санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонссоны дараа аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр: Сургуулийн эргэн тойрон, зам, талбайн тохижилт, авто зогсоол, авто замын гарц зэргийг стандартын дагуу хийх нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Дотуур байрны хүрэлцээ хангамж муу, одоо ашиглаж байгаа барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа зэргийг үндэслэж Б дотуур байрны засвар, хатуу эдлэлийг шинэчлэх, А дотуур байрыг шинээр барих асуудлыг нэн даруй холбогдох хүмүүстэй ярилцаж 2026 оны төсөвт суулгах, багш ажилчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, сайн ажиллаж байгаа багш нарыг урамшуулан орон сууцны урьдчилгаанд хамруулах журмын санал авах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Мөн өнгөрсөн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын үнэлгээгээр улсын хэмжээнд хойгуур байр эзэлсэн асуудлыг үндэслэж Хүмүүн цогцолбор сургуулийг 1, 2, 3 дугаар сургууль болгон задлах замаар өрсөлдөөнийг бий болгож, багш сурагчдын чадавхийг дээшлүүлэх асуудлыг судалж шийдвэрлэнэ гэлээ.