loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦЭРЭГ ЭРСИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО | HuduuMN

ЦЭРЭГ ЭРСИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2024-12-02

ЦЭРЭГ ЭРСИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Энэ өдөр Монгол Улсын өнцөг булан бүрд Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад 2024 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдсан цэрэг эрс Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж цэргийн тангараг өргөж аранзал улаан тугаасаа адис авч эх орны хүү болсоноо илэрхийллээ.

Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, Цэргийн штабын дарга Т.Төмөрчөдөр нар Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт БНМАУ-ын баатар Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн шинэ дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож тангаргаа өргөсөн дайчдадаа баяр хүргэн албаа нэр төртэй хааж, олон амжилтын эзэд болохыг хүслээ.

Эр цэрэг эх орны дуудлагаар хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цэргийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ өөрийн хүсэл сонирхлоороо хүнд машин механизмын оператор, тогооч, гагнуурчин, А, В ангиллын жолооч, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж цэргийн албанаас бэлтгэлээр халагдаад гэрээт цэрэг, ахлагчийн албанд элсэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллах үүд хаалга нээлттэй болж байгаагаараа онцлог юм.

Дашрамд дурдахад Сэргэлэн сумын нутагт байрлах тус нэгтгэл нь Үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ аймаг, орон нутагтай байнгын холбоотой ажиллаж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан цэргийн жишиг хотхон болох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төв аймгийн Засаг дарга бөгөөд батлан хамгаалах газрын дарга Л.ТөмөрчөдөрТөв сайхан нутгаасаа 2024 оны ээлжит цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдаж Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгийн зэвсэгт хүчний ангиуд болон Дотоодын цэргийн ангиудад алба хааж цэргийн тангараг өргөж буй дайчдадаа мэдчилгээ дэвшүүлж баяр хүргэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албаа нэр төртэй, амжилт бүтээлээр дүүрэн хаахыг хүсэн ерөөж байна.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.