“ХОС БИЧИГТЭН-ТӨВ АЙМАГ” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын ерөнхий газар, Монгол Улсын Хэлний үндэсний зөвлөлтэй хамтран “Хос бичигтэн-Төв аймаг” зөвлөгөөнийг анх удаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд, Монгол Улсын Хэлний үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газрын албаны төлөөлөл, агентлаг байгууллагын удирдлага, 27 сумын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, төрийн албан хаагчид 800 орчим хүн оролцож байна.
Аливаа улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг нь Хэлний бодлого байдаг. Монгол Улс 2003 онд Төрийн хэлний тухай хууль, 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталжээ. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт ХЭЛНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ тусган хэрэгжүүлэн 2024 оныг “Үндэсний бичиг үсэг, соёлын жил” болгон зарлаж Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах талаар томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд манай аймаг Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлж “Монгол бичигтэн төрийн албан хаагч”, “Монгол бичигтэн архив, бичиг хэргийн ажилтан”, “Монгол бичгийн цахим бичвэр”-ийн уралдааныг зохион байгуулсны үр дүнд нийт төрийн албан хаагчийн 60 орчим хувь нь Монгол бичгийн анхан болон дунд шатны мэдлэгтэй болсон байна.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: “Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг “Хос бичиг”-ээр хөтлөн явуулах томоохон шинэчлэл ирж байгаа энэ чухал цаг үед аймаг, орон нутгийн хэмжээнд төрийн бүх шатны байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд “Хос бичиг” нэвтрүүлж, сургалт, хэрэглээний орчинг бүрдүүлэхэд бодлого, зорилтоо тодорхойлж ажиллана” гэдгээ онцоллоо.
Зөвлөгөөнд зориулж аймгийн Төрийн архив, Монгол Туургатан театр, Музей, Нийтийн номын сан, аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран Хос бичигтэн байгууллага, төрийн албан хаагчдын ирүүлсэн шилдэг бүтээлээс дээжлэн “Хос бичигтэн-Төв аймаг” үзэсгэлэнг дэлгэжээ.
Мөн энэ үеэр Төрийн албанд үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад шагнал гардууллаа.