Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улсын Их хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсан. Түүнчлэн "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгаж, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Бүсийн хөгжлийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Төвийн бүсийн хөгжлийн чуулган” арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл оролцож байна.
Чуулганы хүрээнд “Бүсийн хөгжил”, Бизнесийн хөгжил, Орон нутгийн хөгжил зэрэг салбар хуралдаанууд “Тэсвэртэй хот” олон улсын форум, “Монголын Энтрепренрүүдийн Нэгдсэн чуулган” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.