
Ерөнхий боловсролын сурагчдын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилттэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа “TUV ROBO-2025” сургалт тэмцээн Зуунмод хотноо эхэллээ.
Сургалт тэмцээнийг Төв аймаг, БНСУ-ын Роботын нийгэмлэг, Монголын Роботын Боловсролын нийгэмлэг хамтран 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа ба БНСУ-ын Ансан хотын 34 сурагч, Олон улсын хөтөбөртэй сургуулийн 34 сурагч, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 68 сурагч 34 багт хуваагдан оролцож байна.
Тэмцээнийг нээж Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, БНСУ-ын Ансан хотын Боловсролын газрын дарга Ким Сүжин, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар үг хэлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.