
Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газраас аймгийн байгаль орчны салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудаа ярилцав.
Энэ үеэр Завхан аймагт хуурайшилт өндөр, ойн санд хөнөөлт шавьж голомтлон тархаж буй асуудал, элсний нүүдэл, газар нутгийн цөлжилт, бэлчээрийн доройтол, хөрсний бохирдол, хяналт шалгалтыг сайжруулах техник хэрэгсэлийн дутмаг байдал зэрэг асуудлуудыг хөндөв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдвэрлэх бодлого баримталж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйгаа танилцуулж, аймаг орон нутгийн зүгээс эдгээр асуудлуудад анхаарч, байгаль орчинд үүсээд буй хүнд нөхцөл байдал, хор нөлөөг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.