loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН БААТАР, АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН БААТАР, АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024-11-04


Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Завхан аймагт төлөөлөн хэрэгжүүлэх 2024 оны гэрээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Арга хэмжээ Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэв. Ёслолд Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, цэргийн шинжээч, Улсын байцаагч, хурандаа Т.Мөнхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хил судлалын хүрээлэнгийн хилийн түүх судлалын секторын дарга, хурандаа Н.Даваадорж болон аймгийн төрийн, хууль сахиулах байгууллагын дарга удирдлагууд, ахмад дайчид, Армийн генерал Б.Доржийн гэр бүлийн төлөөлөл, ач зээ нар оролцлоо.

Мөн арга хэмжээний хүрээнд Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т “Мөнхөд дуурсагдах баатрууд” ТББ-ын 1000 орчим үзмэр тавигдлаа. Үзмэрийг аймгийн Ерөнхий боловсролын 5 сургууль, Алдархаан, Идэр, Тэлмэн сумын сургуулиудын 2500 орчим сурагч, зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэв.

Түүнчлэн “ Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ” баримтат киног толилуулж, “Мөнхөд дуурсагдах баатрууд” ТББ-ын тэргүүн, доктор профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд “Эх оронч үзэл, хүүхэд залуучуудын үүрэг оролцоо” сэдвээр лекц уншлаа.

Монгол Улсын баатар, армийн генерал, дипломатч Батын Дорж 1914 онд Алдархаан сумын Барзан хэмээх газарт төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгсчээ. Тэрээр эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн,1945 оны Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад тулалдаж явсан гавьяатан. 

Батын Дорж нь төрийн албанд 50 орчим жил тасралтгүй зүтгэхдээ Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдаар 2 удаа, Хилийн цэргийн командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцаатай зэрэгцэн хөгжих үед Монгол Улсаа харийн оронд төлөөлөн суусан олон улсын дипломатч байсан нэгэн.

Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Алтангадас одонгоор 2 удаа, түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны ба ойн медалиудаар шагнаж байжээ.