Архангай аймагт “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс 2026 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх зорилтыг танилцуулж, энэ хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Мөн аймгийн аялал жуулчлалын онцлох арга хэмжээ болох “АРА фестиваль-2026” бэлтгэл ажлаа танилцууллаа.
Түүнчлэн “Малчин кэмп” хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлэх хүрээнд Gerbook цахим захиалгын системтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь аялал жуулчлалын салбарт дижитал шийдлийг нэвтрүүлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дараагийн шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм. Одоогоор тус хөтөлбөрт 30 байршилд 60 малчин өрх хамрагдан 2024 оноос хойш дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч, нүүдлийн ахуй соёлыг сурталчилж байна.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд төрийн байгууллагуудын оролцоотой “Нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулж, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр оролцогчид өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудаас шууд зөвлөгөө авч, шаардлагатай үйлчилгээгээ газар дээр нь шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.
Аймгийн зүгээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж, энэ удаагийн хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эхлэл болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.




