Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилготой Үндэсний сурын харвааны сургалт 2025 оны 4 дүгээр сарын 10–17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сумдын соёлын төвийн соёлын өвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 гаруй суралцагч хамрагдаж байгаа бөгөөд аймгийн Биеийн тамир, спортын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, Үндэсний сурын холбоо хамтран зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр буюу 4 дүгээр сарын 10-нд Үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүн, аймгийн мэргэн, спортын дэд мастер Э.Цэрэндолгор Архангай аймгийн сурын холбооны үүсэл хөгжил, үйл ажиллагаа, гаргасан амжилт, статистик мэдээлэл болон холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн талаар танхимын сургалт явууллаа.
Цаашид сургалтын хүрээнд сур харвах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, практик дадлагыг зохион байгуулах бөгөөд сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод гэрчилгээ олгоно.
Энэхүү сургалт нь үндэсний сурын харвааны уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед өвлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.


