ИРЭЭДҮЙН БОЛОВСРОЛ, ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Тэтгэлэг-2026” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо. Тус үйл ажиллагаанд 16 сум, 1 тосгоны 9–12 дугаар ангийн 600 гаруй сурагч хамрагдлаа.
Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд сурагчдад олгож буй тэтгэлэг, мөн БНСУ, ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдэнд амжилт хүслээ.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга М.Төртогтох гадаадын их, дээд сургуулиудад тус сангийн зээлээр суралцах боломжийн талаар мэдээлэл танилцууллаа. Түүнчлэн Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс нарийн мэргэжлээр гадаадад 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг, Онцгой байдлын газраас ОХУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөрүүдийг тус тус танилцуулсан юм.
Мөн хамтын ажиллагаатай их, дээд сургуулиуд болох Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Этүгэн их сургуулийн төлөөллүүд оролцож, элсэлт болон сургалтын боломжуудын талаар, аймгийн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөлөөс сурагчдад мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.