Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн ёслолын арга хэмжээ зохиож ирсэн билээ.
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон ИТХ-ын төлөөлөгчид Дархан сумын Өргөө багт байрлах "Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөн, Хараагийн дарь эхийн Гэцогдаржаалин хийд, Мэргэн даяанчийн Гэлэгпэлжээлийн хийдэд буяны ном хурж, зул өргөлөө.
1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн хэмээн үздэг.
Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой.
Хүнд хэцүү цаг үеийн улмаас хэлмэгдэн, амь нас, эрх чөлөө, хувь заяагаараа хохирсон иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэдний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, дурсан хүндэтгэж байна.